Д .Цэвэгмидийн хүүхдэд зориулсан шүлгийн хэл найруулгын онцлог

“Гучаад оны манай хүүхдийн утга зохиолд онцгой гавьяа байгуулсан зохиолч бол Д.Цэвэгмид билээ.Түүний бичсэн “Хоньчин Найдан”,”Болд, Самбуу хоёр” зэрэг тууж гучаад оны хүүхдийн уран зохиолын сор болж үлджээ” ардын уран зохоиолч Л.Түдэв гуай дүгнэн хэлсэн байдаг. Үнэхээр ч МЗЭ-ийн 14 тоот батлахын эзэн Д.Цэвэгмид зохиолч бол аль ч цаг үед бүтээл туурвилыг нь шинээр нээн харж авьяас билэг хөдөлмөр зүтгэлээс нь суралцаж байх учиртай том уран бүтээлч юм.

Зохиолч Д.Цэвэгмид гуай Монголын зохиолчдын 4 дүгээр их хурал дээр хэлсэн үгэндээ:

Залуу үеийг зөвөөр хүмүүжүүлэн буруу зөрүү бүхнийг нь өөлөхөд зохиолчдын билгийн илд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Үүний тулд энгийн даруу байдал, төв түвшин зан суртахууныг номлож, хэв заншлын аль сайхныг үзүүлсэн дүрүүд бүхий хүүхдийн зохиолууд хэрэгтэй байна.            Гэтэл сүүлийн үед ялангуяа хэл найруулгын хувьд дутагдалтай, уншигчдад үлдэх юмаар бага, дутуу дулимаг боловсруулсан зохиолууд гарах боллоо.

Бидний бичсэн зохиол нь л нэг ёсоор хүүхдэд хэл бичиг зааж буй хэрэг. Иймээс зохиолчид чухамдаа хэл бичгийн багш нар мөн. Уран зохиолоос хүүхдийн хэл баяжина. Хүүхдийн хэл энгийн хялбар байхаас гадна үгсийн санг баяжуулах үүрэгтэй юм гэж онцлон дурьдсан байна.\1967он\

Зохиолч Д.Цэвэгмид  ийнхүү хэлж бичээд зогссонгүй. Харин ч бүтээл туурвилаараа үүнийг нотолж харуулсан гэж үзэж байна.Түүний  хүүхдэд зориулсан бүтээлд яруу найраг багагүй хувийг эзлэх бөгөөд хэл найруулгын хувьд дүр дүрслэл  уран яруу, утга санаа нь үлдэцтэй сургамжтай болжээ.


Тухайлбал түүний “Туулай” \1932 он\  шүлгийг авч үзье.

Борхон саарал туулай бөмбөн бөмбөн үсэрч

Боролж шугуйн дундуур дэлдэн дэлдэн дэвхрэхэд

Босоо хоёр чих нь сэртэн сэртэн хайчилж

Богино хархан сүүл нь годос годос хөдөлнө.

Дэрс бутан дээгүүр дээр дээр харайж

Хагд өвсний дундуур хальт мөлт  үзэгдэхэд

Урьхан хушуу нь шөмбөс шөмбөс хөдөлж

Усгал номхон нүд нь бүлтэс бүлтэс анивхийнэ..


Энэ шүлгийг уншихад бут сондуул дундуур дэгдэн үе үе хярж шөмбөлзөх хөөрхөн туулайн дүр төрх нүднээ амилан харагдана.  Ингэж амилахын увидас нь дүрслэн өгүүлж буй үгсийн гарцаагүй мэргэн сонголтонд оршино.

Бөмбөн бөмбөн, дэлдэн дэлдэн ,сэртэн сэртэн, годос годос зэрэг үгс нь туулайн хөдөлгөөнийг уншигчдын  өмнө амилуулан өгч байна. Дэгдэн зутгаад эргэн харж буй туулай хичнээн өхөөрдөм амьтан болохыг хүүхэд урьхан хөөрхөн хушууных нь шөмбөс шөмбөс , усгал дөлгөөн нүднийх нь бүлтэс бүлтэс хөдөлгөөнөөр төвөггүйхэн мэдэрч чадна. Энэ шүлгийн дүрслэл нь туулай огтхон ч үзээгүй хүүхдэд ч түүнийг хайрлан энхрийлэх сэтгэгдэл төрүүлхүйц болжээ. Учир нь хүүхдийн өхөөрдөх сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн үгсээр уг шүлэг нэн баялаг юм. Бага насны хүүхэд өхөөрдлийн үгсийг дахин давтан хэлж баясан наадах дуртай байдаг бөгөөд  хэлж буй үгнээсээ тодорхой дүр дүрслэлийг амилуулж хийсвэрлэн сэтгэдэг онцлогтой.
Жишээллэхэд хүүхэд “дэлдэн дэлдэн” ч юмуу эсвэл “дэлдгэс дэлдгэс” гэж давтан хэлэхэд амархан дуурайж баясан хэлж байдаг. Хүүхдийн зохиолыг хүүхдийн хэлээр бичнэ гэдэг энэ буй за.


Үүний нэгэн жишээ нь “Үнэг”\1937он\ шүлэг юм.

Алтан шаргал дээлтэй

Авирлан аашлах шидтэй

Хулгана зурам зоогтой

Хууран мэхлэх идтэй

Халтар шархан үнэг

Хагд өвсний дундуур

Сагс сагс хатирч

Цаашаа наашаа үсэрнэ.


Энэ шүлэг нь мөр бадагт орсон үгийн тоогоор бага насны хүүхдийн онцлогт нийцсэн бөгөөд

“Сагс сагс хатирч

Цаашаа наашаа үсэрнэ”  хэмээн дүрслэх үгсээр үйл явдлыг тодотгосон нь үнэг ов мэхтэй, ойж буусан араншинтай амьтан болохыг тодорхой харуулсан байна.

Түүний хүүхдэд зориулсан бүтээлд залхуу хойргыг шүүмжилж, алдаа дутагдлаа засаж ариун нандин ёс зүйтэй сайн хүн болон төлөвшихийг ухуулсан шүлгүүд олон.

“Энэ чинь хэнсэн билээ” шүлэгтээ залхуу хойрго хүүхдийн Нүд, чих, хамар, гар, шүд ... гээд эрхтнүүд эзэн болсон жаалыгаа зэмлэхийн хажуугаар хэн нь хамгийн чухал эрхтэн болохоо хэлцэн маргалдаж байдаг. Эцэстээ түүний эрхтнүүд бүгд хамт байж гэмээн хүчирхэг гэдгээ ухаарна. Шүлгээс ишлэл авъя.


Залхуу хойргод эзлэгдэж

Задгай цалгарт дарагдаж

Боловсон ёсыг мартсан

Болхи нэгэн жаал байжээ.

Хамар нь нусаар баян

Хацар нь бэхээр элбэг

Хүзүү нь хирээр дүүрэн

Хөл нь сайраар зузаан

Хуруу нь хэрээний сарвуу шиг

Хумс нь хөрөөний ир шиг

Гар нь зарааны арьс шиг

Гайхал нэгэн жаалын

Эрхтэн бүхэн зэвүүцэж

Элдэв гомдлыг тоочиж

Аль нь чухлаа нотолж


Атаа болон тэмцэлджээ... хэмээн шүлэг цааш үргэлжилдэг. Зохиолч Д.Цэвэгмидийн  шүлэг найраг нь агуулагтаа хөтлөгдөн задгайрах бус хүүхдийн зохиолын хэл найруулгын онцлогийг баримтлан толгой сүүл холбон, мөр бадгийн хэмнэлийг жигд баримтлан боловсруулж бичдэг нь альч бүтээлээс нь ажиглагдана.

Дээрх шүлэг нь хэл найруулгын хувьд энгийн товч тодорхойгоос гадна зохиомжийн хувьд эд эрхтэнүүдийг хүнчлэн амьдшуулж үзүүлсэнээрээ уншигчдынхаа онцлогт тохирсон уран сайхны шийдэл болсон байна.

Зохиолч Д.Цэвэгмидийн хүүхэд багачуудад зориулсан бүтээлд “Булшин дээр” бэсрэг найраглал онцгой байр эзэлдэг гэж бодож байна.
Уг найраглал уран дүр дүрслэл, зүйрлэлээр нэн баялаг тул хүүхэд багачуудын хийсвэрлэх сэтгэлгээ, үг ярианы хөгжилд нэн ач холбогдолтой гэж үзэж байна.


...Алсын өрнөд хаяанд

Алтайн цаст орой

Хөх тэнгэрийн чимэг

Хөвөн цагаан үүлс шиг

Үүлэн цагаан дүрстэй

Ихийн их уул байна.

Үүрийн цолмон өнгөтэй

Тодын тод оргил байна...

...Уужим тунгалаг магнайд нь

Эрэлхэг шинж илэрхий

Усгал зөөлөн харцанд нь

Эелдэг төрх тодорхой

Сайхан буурал үс нь

Сувдын цагаан гэгээтэй

Саруул сод магнай нь


Үлгэрийн баатарын шинжтэй.. гэх мэтээр холоос цайвалзах сүрлэг уулс, аян замд дөрөө харшуулах сайхан буурлын дүр төрхийг нүднээ харагдаж, сэтгэлд ургатал дүрсэлсэн байна.Түүний бүтээлийг уншихад ардын дууны жигд яруу хэмнэл өөрийн эрхгүй мэдрэгдэнэ. Өдгөө уран зохиолын уран сайхан алдагдаж тулга тойрсон ядмагхан агуулгыг чадан ядан илэрхийлсэн зохиол олшрох хандлагатай боллоо.Уран зохиолын амин шүншиг нь уран сайхан байх учиртай. Тухайлбал Д.Цэвэгмидийн дээрх найраглал уран дүр дүрслэл, адилтгал зүйрлэлийн амтыг хүүхдэд нээж өгөхүйц баялаг хэлээр бичигдсэн аргагүй л

Зохиолч хүн бүтээлээрээ  хэл бичгийн хичээл заадагийн  тод жишээ болж байдаг.

Үе үеийн хүүхэд багачууд уншиж хэл найрууга, утга агуулгаар хөгжиж хүмүүжиж ирсэн зохиол бол түүний  “Алагдай аварга” найраглал юм. “Алагдай аварга”-ын нутгийг


Он жилийн цэлмэгт

Онгон тэнгэрийн сайханд

Оргил цагаан титэм нь

Од болон гялалзсан

Өдөр шөнийн бүрхэгт

Өглөө үдшийн буданд

Учир нэгнийг шивнэлдсэн

Алтай ханы архан бие

Асралт хайрханаар нутагтай...

/хэмээн сүрлэг сайхан уулсын орныг гайхалтай урнаар дүрслэн өгүүлсэн бол  “Алагдай”  хэмээх омог бардам ишгийг/

Ялангуяа Алагдай

Ямаа ямаанаас онцгой

Асга дамжихдаа адтай

Ирмэг дагахдаа идтэй

Юу юуны түрүүнд

Хөлөө дэвхцэн эрвэлзэнэ.

Юм юмны эхэнд

Хүзүү сунган сэрвэлзэнэ.

Хаднаас хаданд дүүлж

Чулуунаас чулуунд дэвхэрч

Хандсан зүг бүртээ

Харвасан сум шиг хурдална...

Алагдай  аварга ширвэлзэж

Амаа мурийтал ярвалзаж

Дэргэдэхээ дэгс харж

Хажуудахаа хальт хялайж...


гэх мэтээр дүрсэлсэн нь түүний зан авирыг уран яруу илтгэж чаджээ. Уг найраглалын хэл найруулга нь үнэхээр энгийн атлаа уран тансаг бөгөөд бадаг бүр нь  гурван үгтэй дөрвөн мөртөөс бүтэж байдаг нь уншихад бүр ч яруу байдаг.


Алагдай ишиг:

Уралдаж байгаа унага

Оодорч байгаа тугал

Дэвхэрч байгаа ишиг

Тэшиж байгаа ботгыг

Борви нь тушилдсан болхиодой

Хөл нь хөшилдсөн хөглөөхөй...

Нэр гутаам нэвсгэрүүд

Цол гутаам цордгорууд...гэж басамж үг хэлэх ба

Хулан чихтэйн унагатай

Хурд чадлаа үзэлцэнэ.

Хумбан туурайтын үрстэй

Хувь заяагаа сорилцоно.

Ганцхан өдөрт багтааж

Галвын говийг туулна.

Оргилох шаргал тоосоор

Орчлон дэлхийг бүрхээнэ

\туульсын хэтрүүлэл\ гэж бардамнана. Эцэстээ залхуу хойрготоо баригдаж олны доог болон зохиолчийн дүгнэн өгүүлснээр

Ямаан омог эрдэм биш

Ярвагар зан чимэг биш

Бэрхийг сурвал гайхамшиг


Эрхийг сурвал гутамшиг гэгчийн үлгэр болно.  Зохиолч баатруудынхаа дүрийг оносон үгээр тод зураглан үзүүлж нэг үйл явдлаас нөгөөрүү улам  өрнөн шилжиж байгаа нь уншигчдынхаа сонирхлыг эрхгүй татна.

. Хамгийн сайхан ваарыг жирийн шавраар хийдэг, хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэгийн жишгээр түүний энэхүү найраглал нь цагийн мананд бүдгэрэлгүй тод сүмбэр бүтээлүүдийн нэг  хэвээрээ байна. 90 оноос өмнөх уран зохиолыг бүхэлд нь үзэл сурталчсан хэмээн болгоомжилдог зохиолч, уншигчид цөөнгүй байдаг.Тухайн үеийн шилдэг сайн зохиолын тухай судлаачид шүүмжлэгчид нь ч дуугарахаа нэгэнт больсон. Харин энэ үеийн зохиол бүтээлийн уран сайхан болоод зохиомж нь аль ч цаг үед сайны жишээ болсоор байх болно гэж би итгэж байдаг. Үүний үлгэр нь эл зохиолчийн бүтээлүүд мөн билээ.

Огтхонч нуршилгүйгээр оносон үг, өгүүлбэрээр нүдэнд харагдаж чихнээ сонсогдтол дүрсэлдэг,  сонирхолтой үйл явдалаар баялаг байдаг нь  Д.Цэвэгмид зохиолчийн урлахуйн онцлог юм.

Бичлэгийн энэхүү ур чадвар нь хүүхдийн зохиолын онцлогт нэн таацаж байдаг нь ойлгомжтой . Үүнийг би түүний хүүхдэд зориулсан шүлгүүдийн жишээн дээр товчхон боловч илэрхийлэхийг хичээлээ.

Д.Цэвэгмид зохиолч бүтээл туурвил ажилсээрээ үлгэрлэн хожмын бичээч нарт:

“ Хэрвээ та Зохиолч мөн аваас эх хэлний багш гэсэн үг” хэмээн айлджээ. Түүний хүүхдэд зориулсан бүтээлүүдийг уншихад зохиолч дээрх зорилго тэмүүлэлдээ хүрч бүтээлээ туурвижээ хэмээн санагдана. Аливаа үндэстэний зохиолч бүхэн ийнхүү хичээх аваас уран зохиолд шимтэгч багачуудыг үлдэх санаа чухаг, үг хэл найруулга сонгомол бүтээлээр үргэлжид дайлан сайн сайханд хөтлөхөд юуны бэрх байх билээ.

Харин энэ цагт өмнө болоод одоо бичигдсэн шилмэл сайн зохиолыг хичээлээр болон хичээлээс гадуур уншуулан таниулах бодлого ихээхэн алдагдаж ирсэн нь үнэн юм. Үүнийг манай Багшийн сургуулийн багш нар удирдлагууд анхааран авч үзэж буйг төөрсөн замаас буцаж түмэн нарны гэрэлтэй алс холын харгуйд зорих боллоо хэмээн баясан санамуй

О.Сундуй       \Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч\

2015 он          Хаврын тэргүүн сар