Хүүхдүүд түүнийг сонгодог
\шүүмж\
Л.Самбуу \МЗЭ-ийн шагналт зохиолч\
“Шарга даага” дэлхий тамгалах цагаар О.Сундуй бид хоёр уран бүтээлээрээ танилцав. Түүний зохиолоор бүтээсэн энэ кино хэдийнээ хилийн чанадад танигдаж хэд хэдэн олон улсын наадам улсаа төлөөлж Монголоо таниулаад авлаа. Тэр цагаас түүний номуудыг уншаад бүтээлийнх нь нууцад нэвтрэхийг зорьсон юм. Учир нь бид нэлээд хэдэн уулзалтанд хамт явсан. О.Сундуйн шүлгүүдийг хүүхдүүд “биднийх” хэмээн өмчирхөж зохиолч нь шүлгээ уншихад танхимаараа, сургуулиараа дагаж уншаад байдаг юм билээ. Хүүрнэл зохиолыг нь хүртэл уран уншаад хөгжилдөөд, инээлдээд байх юм билээ. Дөрөө харьшуулж яваа нөхдийнхөө тухай цагт нь дуугаръя хэмээн түүний “ШҮЛЭГЧ ХҮҮХДҮҮД ” гэсэн номыг сонгон барьж авлаа. Уншиж эхлэнгүүт бөөн хүүхдийн шуугиан дунд орсон дадлагын багш лугаа болоод явчихав. Шаагьсан олон хүүхдийн яриа хөөрөө чихэнд минь сонсдож, зүрх сэтгэлд минь санаа бодлоо шивнэнэ. Чухам тэр зохиолч О.Сундуй гэж хэн ч юм, хаа ч байгаа юм бэ, бүү мэд. Ингэж О.Сундуй бяцхан баатруудынхаа дунд намайг төөрсөн янзага шиг хаячихаад “бултчихдаг” байгаа. Ийнхүү би хүүхдийн сэтгэлийн ертөнцөөр аялж, зөвхөн тэдний “хөөр баяр”, “хүсэл мөрөөдөл”, “хайр энэрэл”, “багачуудын өхөөрдөл”-ийг мэдэрч, “найз нөхөд”-ийн “наргиатай явдал”, “нандин дурсамж” -ийг сонсож, “уран сэтгэмж” -ээр амьсгалж “ухаарал бодрол”-д умбаж байнам. Дээрх хашилтанд хийсэн холбоо үгнүүд бол зохиолчоос номынхоо агуулгыг багцалсан томъёолол. Тэгэхлээр энэ номын хөндсөн асуудал ердөө л энэ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн эргэцүүлэл, романтик бодол, тэдний адал явдал, алиа хошигнол.
Хүүхдийн шүлэг үйл явдлаар сүлэлдэн тэдний сонирхлыг татаж уран сэтгэмжийн ертөнц рүү дагуулдаг. Энэ чанар О.Сундуйн шүлгээс тод харагдана. Хүүхдийн зохиолч О. Сундуйн уран бүтээлийн параметр энэ байна.
НЭГЭН ЗҮЙЛ
Шүлэг яруу найрагт уран санаа гэж нэг юм байдаг. Хүнээр бол тэр нь сүнс нь юм. Сүнсгүй хүн гэвэл үхдэл болно. Сүнсгүй шүлэг гэвэл юу болох вэ. Толгой холбосон хэдэн өгүүлбэр л болно биз дээ. Яагаад? Уран санаагүй учраас.
Маш олон хүн, тэр тусмаа хүүхдийн зохиолчид уран саналга, сэтгэмжгүй зүгээр л нэг үйл явдал бичсээр л байна. Ялангуяа шинэ залуу бичигчид. Харин О. Сундуй үйл явдлыг уран сэтгэмжтэй холбож чадсан байна. Өөрөөр хэлбэл их л хүүхдэд ойр мөртлөө ухаанд буумгүй торгон санааг олж яруу болгожээ.
“Зуны нар мөхөөлдсөнд дуртай”” шүлэгт:
“Амттайхан мөхөөлдсийг минь
Алтан нар долоочихлоо.
Харсаар байтал хайлуулаад
Хамтдаа бид идчихлээ “ гэсэн бол
Аварга том нуур үүснэ дээ” шүлэгтээ:
Урсах мөрөн шиг шаагьсан ус
Уулсын хормойд шингэсэн байна.
Уул талыг аварга хүчтэн
Угаасан цамц шиг мушгиж орхивол
Арвин их ус гоожиж
Аварга том нуур үүснэ дээ”
/ тус номын 8-р хуудас/ гэж урнаар хийсвэрлэн сэтгэсэн бол, “дүүгийн алга жаахан учраас жижигхэн алим тавьсан ч жигтэйхэн том харагдана”, “аавын том гараар чихэр тосвол ай даа мөн сайхан” гэх мэтээр бидний өдөр тутмын амьдралд харагдаад байдаг энгийн зүйлээс хэний ч санаагүй санааг гаргаад ирж байна. Энэ бол ихээхэн эрэл хайлтын үр дүн, сэтгэлгээний үр жимс гэдгийг тэр болгон мэдэхгүй биз ээ. Насаараа шүлэглэчихээд найман мөр шинэ санаа олоогүй найрагчид байдгийг нуух юун. О.Сундуйн урлах эрдмийн гол нууц энэ. Харин хоёр дахь нууц нь: нэг санааг лавшруулан сэтгэж нөгөө санааг гаргах. Энэ нь нэг шүлгэнд хоёр санаа оруулаад байгаа юм биш. Өмнөх санаагаа удаах санаагаар улам эрчимжүүлж өгдөг тал байна.
“Сүүдэр нь ч халуун
Зуны нар
Сүүтэй мөхөөлдсөнд
Дуртай юм даа.”
гэж утгын туйл /кульминаци/ хийсэн бол бүр цааш нь лавшруулж, ”сэрүү татаад сайхан байгаа даа” гэж уянгын гажилт /лирическое отступление/ хийсэн байна.
“Цонхон дээр
Зургаа үлдээгээд
Цасан охин
Үүрээр буцлаа.”
гэж “ Цасан охин хэзээ ирдэг вэ?” /тус номын 11 –р хуудас/ шүлгийг төгсгөж болох л байсан. Гэтэл цааш нь үргэлжлүүлээд,
“Сэмхэн түүнийг
Харчихъя гэтэл
Сэрж чадалгүй
Өглөө болгочихлоо”
гэж сэтгэхүйн хууралт хийж санаагаа гүнзгийрүүлсэн байна. Тус номон дахь хоёрдох олз нь энэ. “Бэлэг”,””Хаантан болно”, “Нуугдлаа шүү” “Муурын зулзага” зэрэг олон шүлгэнд энэ урлах арга ажиглагдана.
НЭГЭН ЗҮЙЛ
Аливаа зохиол бүтээлийн эн тэргүүний зориолго нь уншигчдын оюун санаанд нөлөөлж ямар нэгэн сэдэл / мотиваци/ төрүүлэхэд байдаг. О.Сундуй энгийн зүйл, ерийн амьдралаас уран санааг ургуулан гаргаж хүүхдүүдэд ухаарал хайрладаг уран бүтээлч юм. Үйл явдлаар дамжуулан заавал нэг сургамж хэлэх гээд байдаг нь ажиглагдана. “Хамгийн эртэч нь ээж” шүлэгтээ: хамаг ажлаа цэгцлээд хамгийн сүүлд унтаж хамгийн эрт босдог гэдгийг хүүхдүүдэд сануулж, ”хийж чадах бүхнээрээ ээжийгээ баярлуулж, чанга тэврэн магтуулмаар байна” гэж чин хүслээ тунхаглаж, “ямар гоё амттай зайрмаг вэ энэ чинь яг ингэж бодтол ээжид алга” гэж ухааруулан мэдрүүлж, хоолоо булаалдах бор шувуудын тухай “Бусдын өгсөн хишгийг
Булаалдахгүй идэж сур гээд
Цонхон дээр биччихвэл
Зодолдохоо тэд болих бол уу” гэж дүрсгүйтэн бодож, романтикаар мөрөөдөх мэтээр шүлэг бүрт заавал нэг сургамж ухаарал дайх жишээтэй.
Хүүхдийн шүлэг тэдний дотоод ертөнцөд оршдог сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдгийг энэ номноос харж болно. Ингэхдээ уран яруу дүрслэлийн аргуудыг чадамгай хэрэглэжээ.
НЭГЭН ЗҮЙЛ
О. Сундуйн уран бүтээлийн тайзыг эзэгнэсэн нэг гол баатар байдаг. Тэр баатар маань ерөнхийдөө нэргүй. Тэгсэн мөртлөө амьд, хөдөлгөөнтэй, сахилгагүй, элдэв юмыг санаандаа зохион найз нөхдөө даажигнан цаашлуулж явдаг. Тэр гол баатар маань зарим үед олон янзын дүрд хувирна.
“Атгаалжин хар мангасыг
Арван хөлтэй ганцхан толгойтой зурна
Оюун ухаангүй мангаст
Олон толгой хэрэггүй гэнэ “.
Бас хөлөөрөө биш толгойгоороо явцгаая, тэгвэл гутал урагдахгүй гэнэ. Энэ санаачлагатай хүүхэд бол Дэлдэй.
“Догшин лууг чихдэж мордоод
Долоон өдөр ниссэн,
Олон лууг тэнгэрт бэлчээгээд
Од түгтэл хариулсан жаал бол Лувсан, аймаар том нохой архирч дайрахад нь арвын хувинтай усаа ам руу нь хийчихсэн самбаатай эр бол Боролдой, үхэр шиг том хулгана үүдээр гараад зугтахыг харсан Ганаа, заан шиг том муур залгихаар араас нь хөөлөө гэж залгуулж зохиосон нь Зандраа. Хүүхдүүд иймэрхүү юм ярьдаг, худлаа нь худлаа боловч хүүхдүүдийн сэтгэлд ургасан уран сайхны дүрслэл юм
Ийм баатрууд О.Сундуйн зохиолд бий. Үүнд хүүхдүүд дуртай бөгөөд хил хязгаарт нь тултал томруулан сэтгэлийнхээ баатрыг босгодог. Энэ дүрүүдийг нэгтгэн үзвэл уран сэтгэмжээр бүтсэн нэгэн цогц ойлголт болох бөгөөд их энгүүн, бүр таньдаг хүүхэд шиг магадгүй уншигч жаалууд өөрсдөө ч юм шиг тийм дотно баатрууд байдаг юм.
О.Сундуйн зөн мөрөөдлийн шүлгүүд нь бодит ертөнцийг харуулахын оролдох бус харин үнэнд ойрхон хийсвэр сэтгэлгээний ертөнцийг бүтээхэд оршдог болов уу гэж бодогдоно. Хийсвэрлэл уран сэтгэмжийг хослуулах нь уншигчдыг өөртөө татах зохиолчийн нэг арга болдог аж.
Ямар нэгэн мэдээлэлийн технологиийн хамааралгүйгээр хүүхдийн сэтгэлийг хөдөлгөх сэдэв , дүрслэлийн аргыг О.Сундуй нээн олдог.
“Болжмор болжмор
Ирлээ, ирлээ.
Бургасны мөчирт
Буулаа,буулаа.
Туяхан мөчрүүд
Дээшээ доошоо
Дуучин шувууд
Дүүжин даажин.”
/ Номын 24 -р хуудас /. Энэ шүлгийг уншихад болжморууд цацсан будаа шиг үсэрч буугаад байх шиг хөнгөхөн хэмнэл сонсогдоно. Үүнийг уншсан хүүхэд сэтгэл нь хөдөлж модны мөчирт шувуу сууж уу , үгүй юу гээд гараад гүйнэ. Эсвэл өөрөө ч бас дүүжин даажин тогломоор санагдана биз. Манай зохиолчдын “Дүүжин даажин” гэсэн нэлээд шүлэг бий дэг. Энэ шүлэгт бор шувуу, мөчир хоёроор дүүжин даажин хийчихдэг, сонин л зохиомж юм. Тус номонд орсон ”Баавгай найзын баяр”, “Ганган зараа”, “Аав хүү хоёр”, “Шударга чих” “Дөрвөн сарын нэгэн” зэрэг олон шүлгүүд өнөөгийн хүүхдийн оюуны цангааг тайлах, хэрэгцээг хангах нийгмийн захиалгат бүтээл болж чаджээ.
Зарим найрагчид шүлгээ бага зайд хээ хуар шиг нягт урладаг бол О.Сундуй найрагч орон зайгаа тэлж задгайруулан дүрслэдэг нь уншигчдаа өөрийн шүлгийн орон зайд чөлөөтэй байлгаж уртаар санаа алдах мэт мэдрэмж цацдаг аж.
НЭГЭН ЗҮЙЛ
Орчин үеийн уншигчид электроник цахим технологийн ачаар 20, 30 жилийн өмнөх үеийн уншигчдаас илүү ихийг мэддэг болсон. Тэдний анхаарал сонирхлыг татах шүлэг зохиол бичих төвөгтэй ажил гэдэг нь ойлгомжтой. Энд л зохиолчийн ажигламтгай байдал, гярхай шинж, уншигчдын хэрэгцээг мэдрэх чадвар чухал байдаг юм байна.
Зохиолч О. Сундуйн шинэ ном хүүхдийн амьдралын хөгжилтэй түүхүүдийг уншигчдад дэлгэж, сонирхолтой үйл явдлаар дүүрэн шүлгийн баатруудтай уулзах боломж олгож, уншигчдыг уран сэтгэмжийн гайхамшигтай ертөнцөд хөтлөн аваачиж байна. Энд түүний “Алтан нарыг бялуу шиг хуваавал”, “Луу унасан Лувсан”, “Наргиантай зүйрлэл”, “Аймаар том нохой”, Хорвоо дэлхийг хувиргаж чадна” зэрэг шүлгүүд хамаарна.
“Ягаан шилээр чи хар даа
Яг л үлгэрийн орон шиг байна уу?
Байшин бүхэн ягаан
Барьсан шүхрүүд ягаан . .
Улаан шилээр хар даа
Уйтгартай атлаа нууцлаг байна уу?
Тэртээх үүлс улаан
Тэнгэр бас улаан . . “
“Хорвоо дэлхийг хувиргаж чадна” /тус номын 63 –р хуудас/ шүлэгт: Өнгийн шилээр тоглож байгаа хүүхийн яриа боловч түүний бодол санаа юмс үзэгдлийг танин мэдэж буй ухаарал нэвт шингэсэн байна. Зохиолын баатар маань үлгэрийн оронг ягаан байдаг гэж боддог байх нь. Нээрэн үлгэрийн орон гэж байдаг бол ягаан ч байж болох юм шүү. Надад тийм зөн совин татаж байна. Ингэж л хүүхдүүд, томчуудын бодоогүй юмыг боддог улс даа. Улаан өнгийг уйтгартай гэж үзсэн байна. Тиймээ улаан өнгө хүнд өнгө, тийм хүнд юмны ард нууц байдаг юм.
НЭГЭН ЗҮЙЛ
Түүний шүлгүүдийн өөр нэгэн сүнслэг чанар нь хошигнол, хошигнолоор дамжуулсан ухаарал юм.
“Залхуугийн мөрөөдөл” / номын 44-р хуудас / шүлэгт:
“ . . . Хичээл тараад тоглох сайхан
Хэдэн цаг дураараа сайхан
Гэртээ ороод амрах сайхан
Гэдсээ подойтол илэх сайхан
Зурагтаа асаагаад үзэх сайхан
Зугаатай тоглоом интернет сайхан”гээд цааш нь
Оройн хоолоо хамтдаа иднэ
Одод түгж шөнө болно
Номоо дэлгэтэл нойр хүрнэ
Нойрмоглож суутал унтах болно . . . ”
гэж хошигножээ. Ёгтлол , егөөдлийн аргаар хэлсэн үг хүүхдийг юм бодуулж ухаарал төрүүлдэг. Тэр санаа нь “Хэрвээ өдрийг сунгаж орхивол хиймээр л байна даа, бүх даалгавараа” гэсэн мөрөнд шингэжээ.Тийнхүү багачуудыг егөөдөж, бяцхан шоглоод авсан “4 сарын 1”, Сурлагын дэвтэр” гээд олон шүлэг байна.
НЭГЭН ЗҮЙЛ
О.Сундуйн эзэмшилд байгаа “атар” бол томоохон туульсийн зохиол байж болмоор. Учир юун гэвээс түүний “Тохомын чинээ газар”, “Хонгор унага” ,“Толь” , “Тавын А –ийн Дондог” гэсэн шүлгүүдийг бэсрэг найраглалд хамааруулж үзвэл зохистой. Бэсрэг найраглалууд нь язгуур монгол санаатай, сургамжтай, шүлгийн дотоод хэмнэл,
өрнөл, тайлал их цэгцтэй болсон байна. Судлаач Ж. Мэндээ уг номын талаар бичсэн үгүүлэлд “Сундуй бол хүүхдийн ертөнцөд бүтээл туурвилаараа амьдарч буй уран бүтээлч” гэсэн үг цухуйлгаад түүний зохиол зөвхөн хүүхдэд, бүр бага насны хүүхдэд зориулагдсан гэх мессежийг уншигчдад өгөөд байна. Тиймээ, О. Сундуйн шүлгүүдийг тэгж хэлж болно. Гэхдээ О.Сундуйн хүүхдийн гэх шүлгүүд нь хүүхэд үүхэдгүй уншмаар бүтээл зонхилох юм.
“Сайн сайхан бүхнийг бусдаас аваад
Саруул орчлонд түгээнэ гэдэг
Эрдэмтэй атлаа харамлаж суудаг
Энгүй ухаантнаас хавьгүй илүү” эдгээр үгс аравтай байтугай наятай өвгөнд ч сургаал биш үү.
“Нутгаа санасан шувуу бүхний
Нулимс гэмээр яргуй дэлгэрлээ” ямар уран дүрслэл, ямар яруу уянга вэ?
“Онож төрсөн энэ л нутгаа
Орхиж ширгээгүй Нүдэн булаг
Гантай зуны халуунд ч
Газарт шургаагүй өгөөмөр булаг”
гэж онож төрсөн нутаг гэдэг шигээ яасан онож хэлсэн үг вэ. Эдгээр шүлгүүдэд хүүхдийн том хүний гэсэн хана босгох шалтгаан алга. Гэхдээ л Оюунбадамын Сундуй бол олон бяцхан уншигчдаа орхиж яваагүй тэдэнд зүрх сэтгэлээ зориулсан хүүхдийн зохиолч, зуугийн талыг насалсан ч зууртаа ширгээгүй билэг авьяас юм.
Энэ авьяас төрмөл юм гэдгийг түүний “төрүүлсөн” ном бүхэн нотлох ажгуу.
О.Сундуйн “Шүлэгч хүүхдүүд” номонд уур уцаар, бухимдал, гуниглал ер алга. Харин хөгжилтэй, санаачлагатай, амьдралын баяр хөөр бялхсан дэврүүн дүрүүд гарч байгаа нь өнөөгийн нийгмийн хямрал, бухимдалтай энэ бараан өдрүүдэд хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг сайн нөлөө болохуйц бүтээл болжээ.
Эцэст нь базаж хэлэхэд зохиолч О.Сундуй амьдралыг гаднаас нь тоочин, хүүрнэн дүрслэх хэв шинжийг огоорч хүүхдийн дотоод сэрэл мэдрэмж, зөн совин дээр тулгуулан бодит ахуйгаас алсалж уран сэтгэмжийн ертөнц руу уншигчдаа дагуулж байгаа нь ОЛОЛТ, НЭЭЛТ, ҮР ЖИМС бөгөөд хүүхдүүд О.Сундуйг сонгон унших шалтгаан буюу.
2019 ОН.
Өдрийн сонин