Энэ хөөрхөн хөвгүүдийг харж байна уу? Дархан хотын 9 дүгээр сургуулийн Мөнхзориг, Артур нар шүү дээ. Эд бол миний найзууд. Налгар сайхан намрын өдөр би ангийн охин П.Булганмаагийнхаа урилгаар тус сургуулийг зорьж очсон юм. Уулзалт хараахан эхлэх болоогүй байтал ирэх бараанаар маань энэ хөвгүүд намайг тоссон юм. Хүүхэд настайгаа дандаа ингэж учирдаг би мөн азтай хүн ээ. Хоёр хүүтэйгээ зургаа татуулаад бостол сургуулийн наашаа хандсан цонх бүхнээс хүүхдүүд биднийг харж байлаа. Уулзалтаа тэсэж ядан хүлээж буй миний найзууд. Ингээд гурвуулаа алга ташилт баяр хөөр дунд яваад орчихлоо.
Уулзалт маань энэ намар номын баяраар надад захиа бичсэн өдрөөс, Норжмаа багш надад гардуулж өгсөн мөчөөс эхэлсэн. Тийм их хүлээлт байсан билээ. 9 дүгээр сургуулийн хүүхдүүд Монгол хэл уран зохиолын багш нар миний шүлэг зохиолыг уншиж, цээжилж дууг минь сурч дуулж хүлээжээ. Зохиолын санаагаар олон том ном бүтээж зурж, жүжигчилсэн тоглолт бэлтгэж хүлээжээ. Сэтгэл гаргаж бэлтгэсэн уулзалт хүүхдийн зүрхэнд гал бадрааж хүсэл мөрөөдлийн гэрэлт зүг дууддаг. Тийм сайхан уулзалт болж байлаа. Хүүхдийн хайр энэрэл ухаарал дундаас зохиолоо сонсох хамгийн гайхалтай. Би хичнээн их хичээсэн ч хүүхэд бүхний асуултанд хариулж, бүтээсэн зурсан сэтгэгдлийг нь хуваалцаж амжихгүй байлаа. Хүүхдүүд маань ямар их баяр хөөртэй байсан гээч... Энэ их баяр хөөр хаанаас ихтэй вэ ? Шүлгээ уншихад танхим дүүрэн хүүхэд хамтдаа уншина. Дуугаа дуулж эхлэхэд хамтдаа дуулна. Цаг хугацаа хурдан өнгөрч орой болжээ. Гэвч уулзалт үргэлжилсээр... Уулзалтанд төлөөлөл сонгогдсон учраас зарим нь ирж чадаагүй. Ирж амжаагүй хүүхдүүд минь жаахан гунигтай байгаа гэсэн. Гэхдээ та нартайгаа бүтээлээр нь сэтгэгдлээр нь уулзсан шүү дээ. Яруу найрагч багш Оюунбилэг маань ач охин Мишээлээ дагуулаад иржээ. Мишээл зохиосон номоо бэлэглэлээ. Уншаад сэтгэгдлээ хуваалцнаа. Монгол хэл уран зохиолын багш нар маань ямар сэтгэл зүтгэл гаргаа вэ? Бид хүүхдээс зохиолынхоо амт шимтийг мэдрэхсэн гэж хүсэн хүлээдэг. ТИЙМ аз жаргалтай мөчүүдийг та нар надад бэлэглэлээ. Маралаа шавийхаа халуун сэтгэлийн үгийг сонсож баярлалаа. Хаа явсан ч Багш хүн ийм л сайхан юм даа. Урмын үгийг багшдаа харамгүй хэлсэн шавьдаа талархнам. Наранцэцэг багш уран зохиолыг хүүхдэд ямар гайхалтай хүргэнэ вэ? Та нартаа хүүхдүүдээ дахин талархъя. Хүүхдийн сэтгэлд хайр энэрлийн гал бадраах бид Багш нар билээ.